Австрали Улс, ДЭМБ-аас Монгол Улсад 490,000 австрали долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ…

Австрали Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) Монгол Улсад КОВИД-19 шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор 490,000 австрали долларын буцалтгүй тусламжийн гэрээнд энэ сарын 9-нд гарын үсэг зуржээ.

Буцалтгүй тусламжийг юунд зориулах вэ

“Монгол Улсад КОВИД-19-ийг эрт илрүүлэх, идэвхтэй тандалт хийх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хариуцах болно. Төсөл нь оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна SARS-CoV-2-ийн геномын дарааллыг тогтоох лабораторийн чадавхыг сайжруулах зорилготой юм.

Австралийн буцалтгүй тусламжаар шаардлагатай тоног төхөөрөмж, урвалжийг нэмэгдүүлснээр шинжлэх сорьцыг нэмэгдүүлэх болно.

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын үйл ажиллагаатай хослуулан үндэсний болон орон нутгийн лабораторийн ажилтнуудад КОВИД-19 оношлох сургалтыг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ тус санхүүжилт нь эхний шатанд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлэх боломжийг сайжруулна.

Улмаар КОВИД-19-өөс үүдэх болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, SARS-CoV-2 вирусийн шинэ мутант хэлбэрийг эрт илрүүлэх боломжтой болох юм.

Энэхүү санхүүжилт нь вакцины худалдан авалт, түгээлтийн ажилд дэмжлэг үзүүлнэ

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн “Австрали Улс нь Монгол Улсын чухал түнш бөгөөд бүс нутагтаа эдийн засгийн сэргэлт, эрүүл мэндийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь вакцины худалдан авалт, түгээлтийн ажилд дэмжлэг үзүүлэхээс гадна Австралийн “Түншлэлд суурилсан сэргэлтийн” стратегийн хүрээнд тэргүүлэх чиглэлд багтаж буй нэгэн бодит ажил юм. Эдгээр хүчин чармайлтын хүрээнд бид ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсад КОВИД-19-ийн халдварын эрсдэлийг буруулахад хувь нэмрээ оруулж буйд таатай байна” гэв.

Вирусийн шинэ мутант хэлбэрийг илрүүлэх боломжтой болно

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица Монгол дахь үндэсний лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд цаг үеэ олсон хувь нэмэр оруулсанд Австралийн Засгийн газарт талархал илэрхийлээд “ДЭМБ-аас төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн гурван мэргэжилтнийг Япон Улсад геномын дараалал хийхээр дадлагажихад дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсад зөвхөн шинжилгээ, эрт илрүүлэлт хийхэд туслах төдийгүй лабораторид геномын дараалал хийх боломжийг олгох замаар вирусийн шинэ мутант хэлбэрийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: Австрали Улсын ЭСЯ

(Visited 26 times, 1 visits today)