СТАТИСТИК: Шинэ орон сууцны ҮНЭ өмнөх оны мөн үеэс 8.8%, хуучин орон сууцных 10%-аар өсжээ

Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 897.4 мянган өрх байгаагаас 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8% нь нийслэлд амьдарч байна. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9% нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байгаа юм. 

2021 оны дөрөвдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг “Тэнхлэг зууч” компаниас тооцоолон, танилцууллаа.

Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/ энэ оны дөрөвдүгээр сард 11.7%-тай гарчээ. Энэ нь өмнөх сараас 1.24% өссөн үзүүлэлт юм. Харин жилийн өөрчлөлт буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -0.27%-аар буурчээ.

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрч байв.Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд 2020 оны тавдугаар сар, 2021 оны хоёрдугаар сард хамгийн их өсөлттэй байсан нь дээрх графикаас харагдаж байна.

-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.

2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн 1м.кв-ийн үнэ 2.6 сая төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх сараас 0.97%, өмнөх оны мөн үеэс 8.84%-аар тус тус өссөн дүн юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Хан-Уул дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 3.33 сая төгрөг болж өмнөх сараас 5.66%, өмнөх оны мөн үеэс 7.38% өсжээ. 

Харин хуучин орон сууцны үнийн индексийн хувьд 2021 оны дөрөвдүгээр сард 10.8%-тай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.95%-аар, өмнөх оны мөн үеэс 10.4%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хуучны орон сууцуудын үнэ сарын хугацаанд ийнхүү 2%-аар өссөнийг 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн нийлүүлэлттэй холбон тайлбарлаж болохоор байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд л гэхэд хуучин орон сууны м.кв-ийн дундаж үнэ хатуу хөл хорио/2021.04.08/-ноос өмнө 1.8 сая байсан бол тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 сая төгрөг болж өсжээ.

“ИПОТЕКИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОЛТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 2.8 ДАХИН ИХ БАЙНА”

Орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн билээ. Түүнчлэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлд зориулж 2 их наяд төгрөгийн санхүүжилтийг зориулахаар төлөвлөснөө Засгийн газраас танилцуулсан.

Тэгвэл тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,405 хүнд олгосон. Өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их хэмжээний зээл олгосон гэсэн үг. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж буйг өчигдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн юм. 

График. Ипотекийн зээлийг санхүүжүүлсэн хэмжээ /2013-2021.05 сар/



Орон сууцны үнийн индексийн тайлбар: 

Орон сууцны үнийн өөрчлөлт болон зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт гэх мэт нөлөө бүхий шалтгаануудаас үүдэх эдийн засгийн идэвхжих, үл идэвхжих хөдөлгөөн хооронд мэдэгдэхүйц хамаарал байдгийг Гүүдхаэрд, Хофмэн нар тогтоосон байдаг​. Тодруулбал, барилгын салбарын идэвхтэй байдал нь орон сууцны үнийн өөрчлөлтөөс хамаарах нь олонтаа тохиолддог. Орон сууцны үнэ өсөх нь хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлээд зогсохгүй зах зээл дээрх орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлдэг нь эдийн засгийн идэвхжих нөхцөлийг бүрдүүлж буй тохиолдлуудын нэг юм. Иймээс эдийн засгийн өсөлтийг хэмжих макро түвшний үзүүлэлтүүдийн нэг нь “Орон сууцны үнийн индекс” юм.

“Орон сууцны үнийн индекс”-ийн тооцооллыг тухайн орон сууцны үнэлгээнд нөлөөлдөг үзүүлэлтүүдийн шинж чанарыг харгалзан үздэг Хедоник регресс-ийн​ аргаар тооцдог. 

Дээрх аргаар тооцсон орон сууцны үнийн индекс нь тухайн сар, улирал дахь (индекс тооцох давтамжит хугацааны хувьд) салбарын эдийн засгийн чадавх, идэвхжил, орох гарах мөнгөн урсгалтай холбоотойгоор зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ, хуучин орон сууцны үнийн хэлбэлзлээс хамаарч буй зах зээл дэх нийт орон сууцны үнийн өөрчлөлтийг хамруулан тооцсон хэмжүүрийн үзүүлэлт юм.

(Visited 18 times, 1 visits today)