МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

У.ХҮРЭЛСҮХ:  ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУЛГУУР БАГАНА НЬ ЭВ НЭГДЭЛ ЮМ
 
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх СЕХ-ноос үнэмлэхээ гардаж аваад, Тусгаар тогтнолын ордонд /2021.05.24/ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх сурталчилгааны нээлтийг эхлүүлж хэлсэн үгэндээ “Ахмад буурлуудынхаа зээлийг тэглэж, зээлгүй ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж байна. Сайн түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болголоо. Мөн иргэн тус бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгосон. Энэ бол байгалийн баялгийн хишиг хувь юм. Мөн Тавантолгой орд газрын ногдол ашгийг тарааж эхэлсэн нь Та бидний шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүн гарч эхэлж байна. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах ёстой.Миний бие ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж, ажиллах болно.

Эрхэм хүндэт сонгогчид оо, ард иргэд ээ миний бие ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг, эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тулгуур багана бол эв нэгдэл юм. Монголчууд бид эвлэлдэн нэгдэж байсан цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож байсныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол, НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гурав дахь хөршүүдтэй үр өгөөжтэй, найрсаг харилцааг илүү өргөжүүлэхийн төлөө санал санаачилга гарган ажиллах болно. Даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол хэмээн дангааршин очихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил нүүдэлчдийн соёл иргэншил юм.

Миний бие хэлснээ хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болохын төлөө хичээн зүтгэх болно. Сүүлийн жилүүдэд Та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, сайн түлшний үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуйн, газар  тариалан, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ цаашид улам бүр эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна. Мөнх тэнгэрийн дор Монгол Улс минь мандан бадрах болтугай” гэсэн юм.

Г.ХАНДАРМАА: У.ХҮРЭЛСҮХ БАГА БАЙХЫН  НӨХӨРСӨГ,  ЭХ ОРОНЧ ХҮҮХЭД БАЙСАН
 
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд ангийнх нь багш,  Монгол Улсын Гавьяат багш  Г.Хандармаа оролцож үг хэллээ.

Тэрбээр “Манай шавь хүүхэд байхын нөхөрсөг, нийтэч, сайхан сэтгэлтэй, зөөлөн зан чанартай хүүхэд байсан. Эгэл жирийн тээврийн жолооч аав, ээжийн хүү У.Хүрэлсүх маань улстөрчийн замаар замнаж, улс түмнийхээ төлөө зүтгэж зорьж явсаар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ангийн багшийн хувьд маш их баяртай байна. Манай У.Хүрэлсүхэд улстөрч хүнд байх бүх чанар бий. Бурууд хатуу, бусдад ээлтэй сайхан хандаж чаддаг. Харин хатуугийн өмнө тэмцэж чаддаг чанар нь багаас мэдрэгддэг байсан. Улс орондоо хайртай, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж чадна гэж бодож байна. Ингээд өнөөдөр Монголоо улс шиг улс болгохын төлөө хичээн зүтгэж чадна гэж багш миний хувьд 100 хувь итгэлтэй байна. Шавьдаа багшийнх нь хувьд хамт олных нь өмнөөс амжилт хүсч, их ялалтыг хүсэн ерөөе. Монгол түмэн минь шавийг минь дэмжээрэй” гэв.

 Г.ЗАНДАНШАТАР:ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙНА
 Сурталчилгааны нээлтэд оролцсон  УИХ-ын дарга Г.Занданшатар “Эв эеийг эрхэмлэсэн, шударга Ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна” хэмээн хэллээ. Тэрбээр, “Өдгөөгөөс 100 жилийн өмнө шинэ Монголын гал голомтыг  Жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй бидний өвөг дээдэс бадраасан.Бид нэг  эх оронтой, нэгдмэл зорилготой, нийтлэг эрх ашигтэй нэг Монгол. Орчин үеийн  нэгдмэл Монголын бахархал үнэт зүйл нь ардчилал эрх чөлөө, шударга ёс юм. Нэгдмэл нэг Монголын төлөө бид хүчээ нэгтгэх цаг үе ирлээ. Эв эеийг эрхэмлэсэн, шударга Ерөнхийлөгчийг ард түмэн хүсэж байна. 100 жилийн түүхтэй ардаараа овоглосон Ардын нам ард түмэнтэйгээ хүчээ нэгтэхийг уриалж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд шударга бус зүйлтэй  тэмцэж ирсэн. Түүний нэг нь хууль бусаар алдагдсан  орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд авсан. Монгол газар шороо, монгол хүний язгуур эрхийн  төлөө тэмцсэний үр дүнд  байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн бодитоор хүртэж байна.  Баялагтаа эзэн Монголын төлөө хамтдаа хичээе. Энэ ялалт МАН гэдэг нэг улс төрийн хүчин, У.Хүрэлсүх гэсэн нэг хүний ялалт биш. Нийт монголчуудын ялалт байх болно” гэв.
 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮАБЗ-ИЙН ГИШҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр  ковидгүй зуныг угтаж, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Тун удалгүй бид эдийн засгийнхаа маскыг эхэлж авсан дэлхийн гурван улсын нэг болно. Энэ зорилтыг вакцинжуулалтаар шийднэ.  Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө  өргөсөн тангарагтаа үнэнч төрийн алба хаагчид, цагаан нөмрөгт баатрууддаа, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдсан хариуцлагатай иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цар тахлыг эх орондоо алдалгүй 10 сар барьж өнөөдрийн вакцинжуулалттай золгуулсан,  вакцинжуулалтын гэрээг цаг алдалгүй хийж чадсан  нэр дэвшигч У.Хүрэлсүх танд талархаж байгаагаа  бас илэрхийлье.

Цар тахлыг дотоодод алдаагүй 10 сар сүүлийн хоёр сар шиг байсан бол гэж төсөөлөх надад  хүнд байдаг. Бид өнөөдөр вакцинтай байгаа учраас ирээдүйгээ тодорхой төлөвлөх боломжтой байна.
Элэг нэгт Монголчууд та бүхэн минь нэг зүйлийг ажиглаж байгаа байх. Бид  төрийн сонгуулиа вакцины тухай мэдээгээр эхлүүлж байсан түүх үгүй.  Монголчууд бид туйлын хариуцлагатай цаг  мөчид Төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгох сонголтын өмнө ирээд байна.  Өнөөдөр улстөржин хагаралдах, намчирхан талцах биш. Харин эвлэлдэн нэгдэж, эрүүл мэндээ хамгаалах хамтран зүтгэх цаг үе.  Хүнд үед улс төрждөг бус  дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна.

Яагаад бид нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих ёстой гэж. Олон шалтгаан бий.  Харин надад  гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдал юм. Өнгөрсөн 30 жилийн турш  нэг Засгийн газрын тогтвортой нас 1.5 жил байлаа. Эхлүүлсэн ажил ихтэй ч дуусгасан нь цөөн. Нэг жишээ хэлье. Тавантолгойн аманд 70 ам.долларын  үнэтэй нүүрсийг 130 ам.доллар  болгох боломжтой Гашуун-Сухайтын  төмөр зам улстөржсөнөөс болж бүтэн 12 жил гацсан. Төрийн гурван өндөрлөг нэг цонхоор харж чадаагүйгээс өнгөрсөн 30 жил асар их боломж алдсан гашуун түүхийг давтмааргүй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн 30 жилийн алдааг давтах уу эсвэл цоо шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэсэн түүхэн сонголт юм. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын алтан цагийг Төрийн ордонд ойлголцдоггүй Ерөнхийлөгчөө аргадаж өнгөрөөхийг огтоос хүсэхгүй байна. Олон Ерөнхий сайдад ийм хувь тавилан тохиож байсныг би мэднэ. Оргилсон бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг хүсэж байна. Алдаж үл болох 10 жил эхэлж байна, Монголчууд аа.

Эхлүүлсэн олон ажлаа амжилттайгаар дуусгахыг хүсэж байна. ҮАБЗ-ийн гишүүд хөгжлийн бодлогоо нэг цонхоор харж нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, 30 хэмийн хүйтэнд 30 мянган монголчууд баялагтаа эзэн Монголыг бүтээхийн төлөө нэгдэж чадсаныг би хэзээ ч мартдаггүй. Шударга ёсны тэмцэл гэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Хөгширсөн саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрдөө эргүүлэн ирж, улсад нэг  их наяд төгрөгийн төсвийг төвлөрүүлж байна. Дахин 60 ажил ажиллах боломжтой гэсэн нөөц тогтоогдсон. “Дубайн” гэрээний маргааныг олон улсын шүүхэд өгч Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан.  “Оюутолгой”-гоос иргэн бүр үр ашиг хүртэх суурь эхлэл  тавигдсан. Уул уурхай, улс төр, хууль шүүхэд нам дамнан амь бөхтэй  дамнаж ирсэн бүлэглэлийг задалж шударга ёсны салхийг эхлүүлсэн хүн яахын аргагүй У.Хүрэлсүх юм. Тиймээс шударга ёсны тэмцэл үргэлжлэх ёстой. Хувь хүн  бус хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Монгол хүн бүр баялагтаа эзэн байх ёстой. Шударга ёсны тэмцэл цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихийг  хүндэт сонгогч та бүхнээс уриалж байгаа нь миний хоёр дахь үндэслэл юм.

Гуравдугаарт, айлаар бид өрхийн тэргүүнээ сонгох гэж байна. Монгол гэдэг айлыг дэлхийд төлөөлөх хувь хүн Монгол Улсын Ерөнхийлөгч.   2001 онд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй танилцаж байсан. Өнөөдрийг хүртэл энэ хүний үг, үйлдэл хэзээ ч зөрж байгаагүйд би баяртай байдаг.  Би 1980 онд төрсөн. Ардчилсан хувьсгалын эхэн үе бидний хүүхэд нас байсан. Бидний үеийнхэн ардчиллын үнэ цэнийг яс махаараа мэдэрч өссөн гэж боддог. Ардчилал гэдэг нэршил биш үнэт зүйл юм. Ардчилал гэж ярьдаг Төрийн тэргүүнүүдтэй байж бид 12 жилийг өнгөрүүллээ. Ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр зассан, бүрэн эрхтэй парламентын гишүүнийг сонгуулийн сурталчилгааны дундуур хорьсон, өөрсдөдөө  зориулж Өршөөлийн хууль баталсан,  байгалийн баялгийг төрийн мөнгөөр авч хувьдаа завшсан гээд энэ бүхэн ардчиллын үнэт зүйлтэй нийцэж байсан гэж үү.

Ардчилал гэдэг авлига авдаг эрх чөлөө биш, ардчилал гэдэг хуулийн засаглал дор хамтдаа амьдрах нийгэм юм. Миний мэдэх У.Хүрэлсүх ардчиллын үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэгч. Дуу хоолойгоо хэнээр ч үзүүлж байгаагүй парламентын гишүүн байсан. Сонгодог парламентын төлөө тууштай зогссон улс төрч. Шинэ үеийн бүтэн төлөөллийг бий болгож чадсан  улс төрч. Одоогоос 20 жилийн өмнө Та надад “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа. Томоор сэтгэ, илүүг хий” гэж хэлж байсан. Харин өнөөдөр 20 жилийн дараа би танд ард түмнээ хайрласан, жинхэнэ утгаараа ардчилсан Ерөнхийлөгч байгаарай гэж хэлмээр байна. Ард иргэдээ хагаруулдан талцуулдаг биш эвлэлдэн нэгдүүлдэг,  өвгөдийн захиасыг биелүүлсэн, өв соёлоо дээдэлсэн Төрийн тэргүүн байгаасай гэж чи сэтгэлээсээ гэж хүсэж байна та чадах болно.

Н.ЭНХБАЯР: БИДЭНД ӨНӨӨДӨР  ИТГЭЛЭЭР ТЭТГЭГДСЭН ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
Монгол ахан дүүс ээ, журмын нөхөд өө, миний сэтгэл их догдолж байна. Би өдгөөгөөс 12 жилийн өмнө МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд индрийн ард зогсож байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ковид цар тахлыг улсдаа оруулж ирэхгүй, хилийн цаана удаан хугацаанд барьж чадсаныг энэ ташрамд онцлон тэмдэглэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард иргэдээ вакцинжуулах ажлыг цаг нартай уралдан хийж, хамтын дархлааг бий болгохын төлөө хичээн зүтгэж байгааг сайшааж байна.Өнөөдөр монголчуудад эрчтэй, хурдтай ажиллахын тулд нэгдсэн зорилго, гар нийлсэн ажиллагаа, итгэлээр  тэтгэгдсэн зүтгэл шаардлагатай байна. Ийм эгзэгтэй үед МАН-аас Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдүүлэхээр У.Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ. У.Хүрэлсүх бол итгэвэл итгэсэн шиг итгэдэг, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрладаг, үр хойчийнхоо сайн сайхны төлөө ямагт сэтгэл гаргадаг хүн. Хүнд хүчрийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөрч хичээнгүй, уудам сэтгэлтэй, Монголын ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийг чин сэтгэлээсээ хүсэн зорьж байгаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой юм. У.Хүрэлсүхийн ялалт сүүлийн 12 жилийн нэг нам,  нэг хүний биш нийт  Монголын ард түмний амжилт болон хувирах ёстой. МАНАН-тай тэмцэх ажил эхэлсэн. Одоо дуусгая. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүртээх ажил эхэлсэн. Одоо эцэслэн шийдвэрлэе.

Шударга ёсыг ичээнээс нь гаргаж тогтооё. Нэг зорилготой МАН, МАХН нэгдэж байгаа нь хоёр намын төдийгүй эв нэгдлийг эрхэмлэдэг нийт Монголын үлгэр дуурайлал болсон түүхэн үйл явдал юм. Нийтээрээ Монгол Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе” гэлээ.

  Н.УЧРАЛ: МАНАЙ НАМЫН БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД  НЭР ДЭВШИЖ БАЙГАА НЬ САЙН ЦАГИЙН ЭХЛЭЛ
 
Сурталчилгааны нээлтэд  УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлэв. Тэрбээр,
“Сайн цаг  наашилсныг илтгэн нар дулаанаар ээсэн зуны сарын энэ билэгтэй сайхан өдөр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга, НАМЗХ-ны анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд  амжилт ялалтыг хүсье.

Миний хувьд хүнд цаг үеийг ардаа үдэж өнөөдөр энэ индэр дээрээс та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.  Өглөөний нарыг цээж тэнэгэр, нүүр дүүрэн харж зогсох итгэл өгч урам хайрласан Монгол ахан дүүс та бүхэндээ баярлалаа.
Залуу хүн өөрийн үзэл бодолтой, тууштай байна гэдэг чухал учраас  би МАН-ыг итгэл дүүрэн сонгосон. МАН бол ард түмний нам. Ард түмний санаа зориг нь манай намын алсын хараа, үйл ажиллагааны чиг нь байх ёстой.

Ард түмний эрх ашиг МАН-ын эрх ашиг байх ёстой. Ард түмний дундаас үүссэн ард түмний дэмжлэгээр үйл хэргээ үргэлжлүүлсэн хөгжил дэвшлийн 100 жилийн түүх манай намын түүх юм.  Энэхүү түүхийг  бичилцсэн улс төрийн ууган намын анхан шатнаас нь эхлээд төрийн бүх шатанд ажиллаж хөдөлмөрлөж, бэлтгэгдсэн боловсон хүчин Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж   байгаа нь сайн цагийн эхлэл гэж харж байна.

Яг энэ  мөчид 2010 оны зургаадугаар сарын 27-ны өдрийг тод санаж байна. Хөлбөмбөгийн тоглолтын дараа толгой гундуу асраас гарч явахад хажуугаас нэг хүн “Залуу хүн байж толгойгоо өөд болго. Дэлхийн аваргаас Английн шигшээ  баг хасагдсан болохоос эх орны чинь баг хасагдаа юу. Монгол залуус багаараа шижигнүүлээд өгнө. Дээврийн цаана дэлхий байдаг юм шүү” гэж хэлж байсныг санаж байна. Тэгж би анх У.Хүрэлсүхтэй танилцаж байсан юм. Хөлбөмбөг багийн спорт. Хүн бүр нэг зүг рүү харж, хамтарч нэгдэж чадсанаар багаа хожилд хүргэнэ. Гэхдээ сайн  дасгалжуулагч байх ёстой. Улс төрч мөн адил үүнтэй ижил юм” гэв.

(Visited 19 times, 1 visits today)