Мальдив улс бүх улсын жуулчдыг хүлээн авна

Мальдив улс бүх улсын иргэдэд долоодугаар сарын 15-ны өдрөөс хилээ нээж, жуулчид хүлээн авахад бэлэн болсноо зарлажээ.

Энэтхэгийн далайд оршдог тус арлын улс нь 26 шүрэн арал болон 1000 гаруй жижиг арлуудаас тогтдог бөгөөд ихэнхэд нь аялал жуулчлалын үйлчилгээ хөгжжээ. 

Тус улсын яаманд бүртгэлтэй 156 амралтын газраас 43 нь энэ сарын 15-наас нээгдсэн бол үлдсэн нь найм, ес, аравдугаар сараас нээхээр төлөвлөсөн байна. Мальдивт ирсэн жуулчид коронавирусгүй гэдгээ батлах, мөн хөл хорионд орох шаардлагагүй гэж Аялал  жуулчлалын яамны сайтдаа мэдээлжээ. 

“Ирэхээсээ өмнө Мальдивын бүгд найрамдах улсын аялал жуулчлалын яаманд бүртгэлтэй зочид буудал, хөлөг онгоц болон амралтын газруудын  захиалгаа баталгаажуулахад хангалттай” гэсэн байна.

Тус улсын Аялал жуулчлалын сайд Али Вахийд энэ оны гуравдугаар сараас хойш 47 жилийн хугацаанд анх удаа нэг ч жуулчин авсангүй гэжээ.  Тус улс энэ жил 2004 онд болсон цүнами, 2008 оны эдийн засгийн хямралын үеэс ч хүнд нөхцөл байдалд орсон байна. 

Мальдивт Covid-19-ийн нийт 2900 орчим тохиолдол илэрч, таван хүн нас барсан бөгөөд одоогоор 2300 гаруй хүнийг бүрэн эдгээгээд байна.

Эх сурвалж: CNN

(Visited 39 times, 2 visits today)