Олимпын далбааны эх зураг 185 мянган еврогоор зарагджээ

Орчин цагийн Олимпын наадмын үзэл санааны эцэг гэгддэг Пьер де Кубертины бүтээсэн Олимпын далбааны эх зураг Каннд болсон дуудлага худалдаагаар 185 мянган еврогоор зарагджээ.

Зургийг балын харандаа, гуашаар 21 х 27.5 см хэмжээтэй цагаан цаасан дээр зуржээ. Зураг дээр Олимпын бэлгэ тэмдэг болох хоорондоо холбоотой цэнхэр, шар, хар, ногоон, улаан өнгөтэй таван цагиргийг дүрсэлсэн байна. Эх зургийг Францын Спортын үндэсний музей худалдан авахаар дуудлагад худалдаанд оролцсон ч Бразилын нэгэн цуглуулагч үнэ хаяж, худалдан авчээ.

Олон Улсын Олимпын Хороог үндэслэн байгуулсан Кубертин таван цагиргаа “Олимпын тойм” хэвлэлийн 1913 оны наймдугаар сарын дугаарт анх танилцуулжээ. Олимпын шинэ бэлгэ тэмдэг, далбааг 1914 оны зургаадугаар сард Парис хотноо Олон Улсын Олимпын Хорооны их хурлаар олон нийтэд үзүүлэхийг төлөвлөж байсан ч Дэлхийн нэгдүгээр дайны улмаас уг арга хэмжээ болоогүй юм. Олимпын бэлгэ тэмдгийг 1920 оны Антверпений Олимпын их наадмын нээлтийн өмнө албан ёсоор танилцуулсан түүхтэй.

Эх сурвалж:Zindaa.mn

(Visited 16 times, 2 visits today)