ДЭМБ: Covid-19 бол эрүүл мэндийн салбарт тохиосон хамгийн ноцтой нөхцөл байдал

Covid-19  бол эрүүл мэндийн салбарт ДЭМБ-аас зарлаж  байсан дэлхийн хэмжээний хамгийн ноцтой нөхцөл байдал болоод байгааг тус байгууллагын  тэргүүн, доктор  Тедрос Адханом Гебрейесус хэлжээ. Тэрбээр ДЭМБ-ын онц байдлын хороог цуглуулж энэ долоо хоногт хуралдана гэсэн байна.

Эрүүл мэндийн салбар эбола вирусийн хоёр удаагийн дэгдэлт, зика, халдварт саа болон гахайн ханиад зэрэг таван удаагийн онцгой нөхцөл байдалтай тулгарч байв. Харин Covid-19 зургаа дахь нь болоод байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 16 сая гаруй хүн Covid-19-ийн халдвар авсан нь батлагдаж, 650 мянга гаруй хүн нас бараад байна. 

“Нэгдүгээр сарын 30-нд нийгмийн эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах үед Хятадаас өөр улсад 100-гаас цөөн тохиолдолтой, нэг ч хүн амь эрсдээгүй байлаа” хэмээн доктор Тедрос хэлжээ. 

“Covid-19 бидний ертөнцийг өөрчиллөө. Энэ өвчин хүмүүсийг, олон нийтийг, олон үндэстнүүдийг нэгтгэж бас бие биеэс нь салгалаа” гэв.

Бүртгэгдсэн нийт тохиолдол сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна. Дэлхий дахин вирустэй тэмцэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч биднийг уртаас урт, хүнд  хэцүү зам хүлээж байна гэжээ.

Covid-19-ийн нөхцөл байдлын талаар товч:

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайенаас коронавирус илэрчээ. 
  • Испани улсад сүүлийн үед вирус илэрсэн хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан тул тус улс жуулчдад аюулгүй гэжээ. Их Британи Испаниас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гаргасны дараа ийнхүү дээрх мэдэгдлийг хийсэн байна.
  • Вьетнамд 15 шинэ тохиолдол илэрсний улмаас жуулчдын ихээр очдог эрэг орчмын Дананг хотыг хаалаа
  • Америкийн биотехнологийн Moderna компани Covid-19-ийн вакцины сүүлийн шатны туршилтаа эхлүүлээд байна. 30 мянга орчим сайн дурынхан уг туршилтад хамрагдаж байна. 
  • Бельги улс хязгаарлалтаа чангаруулж байна. Лхагва гарагаас бельгичүүдэд өөрсдийн гэр бүлээс гадна дахиад таваас илүүгүй хүнтэй уулзахыг зөвшөөрч эхлэх юм. 
  • Швейцарийн Женев хотноо болсон ДЭМБ-ын хурлаар “Хилийн хязгаарлалт хийх нь урт хугацааны шийдэл биш” гэдгийг онцлоод “улс орнууд тархалтыг зогсоох чиглэлд илүү их хүчин чармайлт гаргаж, зай барих, амны хаалт зүүх зэрэг шалгагдсан стратеги барьж ажиллах нь зүйтэй” гэжээ.

ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийг хариуцсан захирал Майк Райан “Ирээдүйд улс орнууд хилээ удаан хугацаанд хаах боломжгүй болно. Эдийн засаг нээгдэж, хүмүүс ажлаа хийж, олон улсын худалдаа сэргэх ёстой” гэжээ. Гэлээ ч ДЭМБ-ын албан тушаалтнууд шинэ дэгдэлт гарч байгаа улс орнууд хөл хорио тогтоох шаардлагатай гэдгийг онцлоод тэдгээр нь богино хугацааны, аль болох жижиг газар нутгийг хамрах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

Эх сурвалж: ВВС 

(Visited 18 times, 1 visits today)