Бейрут дахь жагсаалын үеэр 728 хүн шархдаж, нэг цагдаа амиа алджээ

Ливан улсын нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн дараа иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхэлсэн бөгөөд өчигдөр хэдэн мянган жагсагчид цагдаа нартай тулсан байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон үймээний улмаас 728 хүн шархадсан ба нэг цагдаа амиа алджээ.

Ливаны эрх баригчид 19 хүнийг баривчлан мөрдөн байцаалт явуулж буй ба үймээний үеэр 14 сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтнууд халдлагад өртсөн байна. Жагсагчид хэд хэдэн яам, засгийн газрын байранд халдан Ерөнхийлөгч Мишел Ауны хөргийг шатааж зарим бүлэг бүх яамдыг эзлэхийг уриалж байгаа аж.

Иргэд боомтод хадгалагдаж байсан 2000 тонн аммоны нитратыг дэлбэрэхээс урьдчилсан сэргийлж чадаагүй, өдийг хүртэл хайхрахгүй явсан Засгийн газрыг буруутгаж буй. Харин үүний хариуд тус улсын Ерөнхий сайд Хассан Диаб “Энэ хямралаас гарах ганц арга нь парламентын сонгуулийг аль болох эрт явуулах” хэмээжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Бейрут хотын боомтод аммоны нитрат дэлбэрсний улмаас 158 хүн амь үрэгдэж 6000 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: GoGo.mn

(Visited 20 times, 1 visits today)