АНУ-д хоёр цагдаа нийлэн хар арьст залууг хүүхдүүдийх нь нүдэн дээр бууджээ

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаа нийлэн хар арьст залууг машиныхаа жолооч талын хаалга руу орох үед араас нь хэд хэдэн удаа бууджээ. Тухайн үед буудуулсан эрийн гурван хүүхэд машинд байсан бөгөөд яагаад цагдаа нар гал нээх болсныг шалгаж байна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Буудуулсан эрийг Жейкоб Блейк гэдэг бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэж түүний гэр бүлийн өмгөөлөгч Бен Крамп хэлжээ. Блейкийн 3, 5, 8 настай гурван хүүхэд машинд байсан юм.

Блейкийн буудуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, уг явдлыг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж эхэллээ. 

Кеноша хотын дарга Жон Антарамианын хэлснээр жагсаал болж байгаатай холбогдуулан Үндэсний гвардыг дуудсан бөгөөд цэргийнхэн хотын соёлын дурсгалт газар, засгийн газрын байруудыг хамгаалах аж.

Жагсагчид өнөөдөр Кеноша хотын шүүх танхимын гадна цугларч цагдаа нартай тулсан байна. 

Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуу цагдаа нарын гарт амь үрэгдсэний улмаас BlackLivesMatter хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар жагсаал болж байсан бөгөөд харьцангуй намжаад байсан юм.

(Visited 13 times, 1 visits today)